MrBeast нэрээрээ алдартай Жимми Доналдсон шилдэг борлуулалттай зохиолч гэсэн шинэ тодотголтой болжээ.
Тэрээр дэлхийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг Жеймс Паттерсонтой хамтран бичсэн “The Most Dangerous Games” романаа худалдаанд гаргасан бөгөөд уг бүтээл “The New York Times”-ийн хатуу хавтастай уран зохиолын бестселлерийн жагсаалтад гуравдугаар байрт орсон байна.
Түүнчлэн уг ном Amazon-ийн mystery, thriller and suspense төрлийн шинэ бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлж, action and adventure төрлийн шинэ бүтээлүүдийн жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн байна.
Мөн Amazon-ийн нийт шинэ бүтээлийн жагсаалтад хоёрдугаарт орж, USA Today-ийн бестселлерийн топ 10 жагсаалтад багтжээ.
MrBeast уг номыг өөрийн цахим хуудсаар дамжуулан мөн борлуулж байгаа ч эдгээр борлуулалтын тоо бестселлерийн жагсаалтад тооцогддоггүй байна.
Үүний зэрэгцээ MrBeast-ийн компанийн эх сурвалжуудын мэдээлснээр уг зохиолын кино болгох эрхийн талаар идэвхтэй хэлэлцээ явагдаж байгаа ажээ.
MrBeast, Паттерсон нар уг номоо сошиал медиагаар идэвхтэй сурталчилж байгаа бөгөөд MrBeast YouTube-д “Read My Book, You Could Win $1,000,000” нэртэй богино видео нийтэлжээ.
YouTube дээр 515 сая захиалагчтай MrBeast нь янз бүрийн этгээд, хүнд сорилтод оролцож, амжилттай давсан дагагчдадаа их хэмжээний мөнгө бэлэглэдгээрээ алдартай. Тэрээр мөн Prime Video-ийн “Beast Games” өрсөлдөөнт шоуг хөтөлдөг.
Номын цахим хуудсанд нийтэлсэн товч агуулгад:
“Мянган танихгүй хүн урилга хүлээн авна. Тэднээс 100 нь сонгогдоно. Дэлхийн хамгийн олон буюу нэг тэрбум гаруй дагагчтай контент бүтээгч MrBeast болон дэлхийн хамгийн олон борлуулалттай зохиолч Жеймс Паттерсон нарын хамтарсан энэхүү урьд өмнө байгаагүй тэмцээнд бооцоо нь урьд өмнөхөөсөө өндөр.
Тоглоом Антарктидад эхэлнэ. Мөсөн дээрх ганц буруу алхам үхэлд хүргэж болох бөгөөд сорилтууд үүгээр дуусахгүй. Чилийн алслагдсан арлын ойролцоох акултай ус, цөлийн халуун, шуурганд цохиулсан уулын оргилууд, харанхуй агуйнууд тэднийг хүлээнэ. Аврах хүн байхгүй. Хоёр дахь боломж ч байхгүй. Эцэст нь үлдсэн хүнд нэг тэрбум доллар өгнө.
Гэвч удалгүй үхлийн аюултай зүйл нь газар нутаг биш, харин бусад оролцогчид болно. Нэгдэл урвалт, отолт. Итгэлцэл хамгийн хурц зэвсэг болно. Харин хаа нэгтээ дээрээс үл үзэгдэх дуу хоолой бүхнийг ажиглаж, алхам бүрийг нь шалган, хэн амьд үлдэх эрхтэйг шийднэ.”


277






