
Тайзнаас хэсэг хугацаанд хөндийрсөн ч дуу хөгжмөөрөө сонсогчдынхоо сэтгэлд үлдсэн уран бүтээлч Sash эргэн ирж байна. Түүний энэ удаагийн DOOMSDAY тоглолт нь зөвхөн танил дуунуудаа дахин сонсох боломж биш, хэсэг хугацаанд тайзнаас хол байсан Sash-тай дахин уулзах онцгой мөч байх нь. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр Sash-н талаар сонирхолтой 10 баримтыг хүргэе.
1. Sash-ийн жинхэнэ нэр Баярбат Бацуу
Sash нэрээрээ танигдсан уран бүтээлчийн жинхэнэ нэрийг Баярбат Бацуу гэдэг. Тэрээр өөрийн өвөрмөц өнгө аясаараа Монголын хөгжмийн ертөнцөд танигдсан уран бүтээлчдийн нэг юм.
2. Тэр анх дуучин болно гэж төлөвлөөгүй
Хөгжмийн салбарт хөл тавьсан түүх нь сонирхолтой. Sash анхнаасаа дуучин болохоор төлөвлөөгүй бөгөөд найзуудтайгаа студид орж үзсэн нь уран бүтээлийнх нь эхлэл болжээ.

3. Багаасаа төгөлдөр хуур тоглодог байсан
Sash хөгжимтэй багаасаа ойр байжээ. Тэр төгөлдөр хуур тоглодог байсан ч мэргэжлийн хувьд хуулийн чиглэлээр суралцсан байна.
4. Дууныхаа үгийг өөрөө бичдэг
Түүний уран бүтээлд хайр, харилцаа болон амьдралын тухай сэдэв нэлээдгүй гардаг. Харин эдгээр үгийг Sash өөрөө бичдэг нь түүний дуунуудыг илүү хувийн өнгө аястай болгодог.

5. “2020” нэртэй цомог гаргаж байсан
2020 онд Sash найман дуутай “2020” цомгоо гаргаж байжээ. Мөн тухайн жил уран бүтээлийн хувьд идэвхтэй ажиллаж, нийт 19 бүтээл туурвисан байна.
6. “Гоо”, “Bayartai”, “Чи” зэрэг дуунуудаараа илүү танил болсон
Sash-ийн нэрийг сонсоход эдгээр дуунуудыг мэдэхгүй хүн цөөн болов уу. Түүний уран бүтээлүүд тухайн үеийн залуусын сонсох дуртай дуунуудын нэг болж чадсан юм.
7. Тэр уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарласан
Sash хэсэг хугацаанд хөгжмөөс хөндийрч, өөр зүйлд анхаарлаа хандуулсан. Энэ хугацаанд бясалгал, иогийн чиглэлээр хичээллэж, багшаар ажиллаж байсан тухайгаа хуваалцаж байжээ.

8. Тайзан дээр гарахын өмнө орилдог
Тайзан дээр гарахынхаа өмнө өөрийгөө бэлдэх өөрийн гэсэн аргатай. Sash тайзны ард нэг сайн орилж байгаад тайз руу гардаг гэж ярьсан байдаг.
9. Том тайзнаа эргэн ирж байна
Хэсэг хугацаанд тайзнаас хол байсан Sash энэ удаа DOOMSDAY тоглолтоор үзэгчидтэйгээ дахин уулзахаар болжээ. Тиймээс түүний уран бүтээлийг сонсож ирсэн хүмүүсийн хувьд энэ тоглолт багагүй хүлээлттэй байгаа нь гарцаагүй.
10. Sash-ийн хувьд энэ бол сонсогчидтойгоо дахин уулзах боломж
Тэрээр энэ удаагийн тоглолтоороо үзэгчдэд хуучны танилтайгаа эргэн уулзаж байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хүсэж байгаагаа ярьсан. Өмнө нь чихэвчээр сонсож байсан дуунуудаа энэ удаа тайзны өмнө амьдаар нь сонсох боломжтой гэсэн үг.









