The MongolZ баг БНХАУ-ын Сужөү хотод үргэлжилж буй "FISSURE Playground 3" тэмцээний хэсгийн шатнаас хасагдлаа.
Тэд өнөөдөр нутаг нэгт 5star багтай тоглож, 0:2-ын харьцаагаар хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлэв.
Нийт 1 сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground 3 тэмцээн есдүгээр сарын 8-13-нд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдан, давхар хасагдах форматаар өрсөлдөж байна.
MongolZ багийн эхлэл тааруу байв
The MongolZ баг тэмцээний эхний тоглолтоо Бразил улсын MIBR багийн эсрэг хийсэн. Хоёр багийн тоглолт нэмэлт цаг хүртэл үргэлжилсэн ч эцэст нь 1:2-оор MIBR ялалт байгуулан The MongolZ доод хүснэгт рүү шилжсэн юм.
Энэхүү ялагдлын дараа The MongolZ баг тэмцээнийг үргэлжлүүлэхийн тулд дараагийн тоглолтдоо заавал ялалт байгуулах шаардлагатай болсон. Харин тэдний дараагийн өрсөлдөгч нь Ази тивийн хаалттай сонгон шалгаруулалтаар эрхээ авсан Монгол улсын баг 5star байлаа.
Өнөөдөр болсон 5star болон The MongolZ багуудын тоглолтын эхний map-ийг 13:9, хоёр дахь map-ийг 13:11-ээр тус тус авч, 5star цувралыг 2:0-ийн харьцаатайгаар өндөрлүүллээ. Ийнхүү The MongolZ тэмцээнээс хасагдсан бол 5star доод хүснэгтийн дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.
5star багийн хувьд FISSURE Playground 3-т оролцох эрхээ Ази тивийн хаалттай сонгон шалгаруулалтаас авч, Монголыг төлөөлөн оролцож буй хоёр дахь баг болсон юм.
Тэд сонгон шалгаруулалтын финалд Chinggis Warriors багийг 2:0-ээр хожиж, Сужөү хотод болох тэмцээнд оролцох эрхээ авсан.

The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн сорилт болов
The MongolZ энэ тэмцээнд бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж оролцсон. Содбаяр "Techno" сэлгээнд шилжсэнээр өмнө нь багт тоглож байсан Анарбилэг "cobrazera" үндсэн бүрэлдэхүүнд эргэн ирсэн юм.
Тиймээс багийн ахлагч Гарьдмагнай "bLitz", Өсөхбаяр "910", Дугарсүрэн "DarkMeister", Золбаяр "tikuak" болон Анарбилэг "cobrazera" нар FISSURE Playground 3-т The MongolZ-ийн бүрэлдэхүүнийг бүрдүүлжээ.

Анарбилэг “cobrazera” тоглолтууддаа боломжийн сайн үзүүлэлт үзүүлсэн нь онцлууштай байлаа. Тэрээр MIBR-ийн эсрэг тоглолтод багийнхаа хамгийн өндөр rating-тай тоглогчдын нэг байсан бол тэмцээнд нийт дунджаар 1.34 rating үзүүлжээ.
Гэвч багийн шинэ бүрэлдэхүүн тоглолтын шийдвэрлэх мөчүүдэд тогтвортой байдлаа хадгалж чадалгүй MIBR, 5star багуудад хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа.
5star багийн хувьд том боломж болж байна

Харин 5star-ын хувьд The MongolZ-ийг хожсон нь олон улсын томоохон тэмцээнд байгуулсан онцлох ялалтуудын нэг болж байна.
Тус багийн бүрэлдэхүүнд ариунжаргал "ariucle", Гэрэлт-Од "clouden", Ууганбаяр "NEUZ", Дөлгөөн "hoolig4n", Тэнгис "rate" нар тоглож байна.
Өнөөдрийн тоглолтод 5star баг нэлээд өндөр үзүүлэлт буюу 1.68 rating авч тэмцээнийг тэргүүлсэн юм. Ийнхүү өчигдөр аваргын төлөө өрсөлдөх боломжтой багуудын нэгээр нэрлэгдэж байсан The MongolZ өнөөдөр нутаг нэгт 5star-т 0:2-оор хожигдсоноор FISSURE Playground 3 тэмцээнийг өндөрлүүллээ.
Харин 5star тэмцээнээ үргэлжлүүлэн, Монголын Counter-Strike-ийн нэрийг олон улсын тавцанд хамгаалах боломжтой боллоо.
Эх сурвалж: HLTV










