Биднээс өөр соёл уламжлалтай, ондоо сэтгэлгээтэй хүмүүсийн талаар мэднэ гэдэг сонирхолтой. Хэрвээ та удахгүй Хятад улс руу аялах гэж байгаа бол эсвэл тэнд очиж суралцах гэж байгаа бол доор бэлтгэсэн мэдээлэл танд очих гэж буй улсын тань талаар илүү их мэдээллийг өгч, сонирхлыг татаж магадгүй юм.
Хажууханд орших хөршийнхөө талаар та хэр ихийг мэдэх вэ?
1. Хятад улс нэг л цагийн бүсчлэлтэй

Ойролцоогоор 9.6 сая км үргэлжлэх газар нутагтайгаараа дэлхийн хамгийн том газар нутагтай улс орнуудын топ 3-т багтдаг Хятад улс ердөө ганцхан цагийн бүстэй гэдгийг та мэдэх үү?
Угтаа бол цагийн бүсүүд нь уртрагийн 15 градусын зайтай бөгөөд эдгээр нь нэг цагийн зөрүүтэй байдаг. Тэгэхээр онолын хувьд Хятад таван цагийн бүстэй байх ёстой гэсэн үг. Тиймээс ч 1912-1949 оны хооронд ийм л байсан. Гэсэн ч 1949 оноос хойш Хятад улс зөвхөн нэг цагийн бүс буюу Бээжингийн цагийг ашиглаж байна.
Сонирхолтой баримт: Хятадын зарим бүсүүдэд орон нутгийн цаг болон Бээжингийн цаг хоёрыг хоёуланг нь хэрэглэдэг тул аялагчид багахан хүндрэлтэй тулгардаг гэнэ.
2. Хятад нь 56 үндэстний бүлэгтэй

Хятад улсын нийт 1.4 тэрбум гаруй хүн амыг 56 албан ёсны үндэстний бүлгүүд бүрдүүлдэг. Эдгээрээс Хан үндэстэн давамгайлах бөгөөд хүн амын 92% буюу ойролцоогоор 1.3 тэрбум юм. Харин хамгийн цөөхөн гэх тодотголыг хүртсэн үндэстэн нь Лоба үндэстэн. Тэд ердөө л 4000-д л тоологддог аж.
3. 300-аас дээш тооны хэл, аялгуу хэрэглэгддэг

Хятад маш олон үндэстнүүдийг багтаадаг тул улс дотор нь 300-аас дээш тооны хэл ашиглагддаг гэхээр гайхаад байх зүйлгүй. Хятад хэл нь 8 гол хэлний бүлэгт хуваагдах ба тэдгээр нь 300 гаруй дэд аялгууг үүсгэдэг байна.
Дэлхий дээр нийт тэрбум давсан хүмүүс Мандаринаар ярьдаг тул Мандарин хэл нь тэдгээр гол найман хэлний бүлгээсээ хамгийн их ашиглагддаг хэмээн зүй ёсоор тооцогддог. Хятадын хамгийн бага ашиглагддаг гэх Хуйжоугаар дөрөв гаруй сая хүн ярьдаг байна.
4. Баярууд нь Хятадын цагаан сарын календарт тулгуурладаг

Хятадын сарны тоолол нь нар болон сарны хөдөлгөөнд тулгуурладаг ба энэ нь Хятадын нийгэм болон шашны баяр ёслолын өдрүүдэд нөлөөллөө үзүүлдэг.
Хэдийгээр орчин үед нийгмийн хэрэгцээнээс үүдэн Григорийн календарыг ашигладаг ч баяр ёслол, уламжлалын хувьд Хятадын сарны тооллыг дагадаг.
5. Хятад нь маш олон төрлийн хоолтойгоороо алдартай

Хятадад амьдардаггүй хүмүүсийн хувьд Хятадыг хоолны маш өргөн сонголттой гэдгийг мэдэхгүй өнгөрөх тохиолдол олон бий. Гэтэл үнэндээ Хятадад маш олон хоолнууд түүнээсээ ч илүү олон төрлийн амтнуудыг агуулж байдаг гэхээр янзтай байгаа биз? Тэдгээр тоологдож барамгүй хоолнуудыг эмх цэгцтэй байлгахын тулд найман төрөлд хуваадаг байна.
- Sichuan. Халуун ногоотой хоолнууд
- Cantonese. Жижиг хэмжээтэй амттанууд
- Anhui. Зэрлэг ургамал, шинэхэн ногоонуудаар хийсэн хоолнууд
- Shandong. Удаан жигнэж, олон төрлийн амтлагчаар амталсан хоолнууд
- Fujian. Шөлөрхөг хоолнууд багтах бөгөөд ихэнхдээ жигнэж, буцалгасан хоолнууд
- Jiangsu. Далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээр хийсэн хоолнууд
- Hunan. Даршилсан ногоонуудыг ашиглан хийсэн маш их халуун ногоотой, гашуун хоолнууд
- Zhejiang. Хөнгөхөн амталсан сэргээх хоолнууд
6. Цай маш чухал

Хятадад цай нь хэдэн зуун жилийн түүхтэй тул зүгээр л нэг уух зүйл хэмээн тооцогддоггүй байна. Цай нь зөвхөн оюун бодлыг цэгцэлж, толгойг сэргээхээс гадна Хятадын соёлын солилцооны хэрэгсэл болдог.
Хэрвээ та Хятадад зочлох төлөвлөгөөтэй байгаа бол “Гон Фу Ча” буюу Хятадын цай уух урлагийг таниулан, хүндлүүлэх зорилгоор зохиогддог ёслолд оролцохыг зөвлөж байна.
7. Зарим гарын хөдөлгөөнүүд Хятад хүмүүсийн хувьд бүдүүлэг хэмээн тооцогддог

Хятадад хэн нэгэн рүү хуруугаараа заах эсвэл янз бүрийн гарын хөдөлгөөнүүд бүдүүлэгт тооцогддог. Энэ нь биеийн хөдөлгөөнүүд Хятад соёл уламжлалын чухал хэсгийн нэг болдогтой холбоотой. Тиймээс Хятад руу явахаасаа өмнө ямар ямар хөдөлгөөнүүд бүдүүлэгт тооцогддог тухай мэдэж авах нь чухал.
8. Аз ба азгүйдлийн тоонууд

Хятадын соёл, уламжлалд тоо гэдэг маш том байр суурийг эзэлдэг. Эдгээр тоонуудаас улбаалан хүмүүс машины дугаар, утасны дугаар, хаалганы номер зэргүүдээ сонгодог байна.
Хамгийн азтай тоонууд нь 8, 2, 6, 9 байдаг бол азгүйд нь 4, 13 тоонууд ордог аж.
9. Өнгө ч мөн чухал

Аз болон азгүйдэл авчрах нь зөвхөн тоогоор хязгаарлагдахгүй мөн өнгөн дээр ч илэрдэг буюу аз болон азгүйдлийг дагуулдаг өнгө гэж байдаг.
Амжилт болон сайн сайхныг бэлгэддэг гэж үздэг улаан өнгө нь аз дагуулах өнгөнд тооцогдох бол үхэл болон гуниг хагацлыг өгүүлдэг гэдгээр нь цагаан өнгийг азгүйдэл дагуулах өнгө хэмээн үзнэ.
10. Дэлхий дээрх хамгийн том тээврийн хэрэгслийн сүлжээ Хятадад бий

Хятадын хурдны галт тэрэгний сүлжээ нь дэлхийн хамгийн уртад тооцогддог. Зөвхөн 2023 онд гэхэд л Хятадад шинээр 1700 км-ийн хурдны төмөр замуудыг барьсан.
Хятадын хурдны галт тэргүүд цагт 400 км-ийг туулах чадвартай байдаг. Мөн галзуу хурдан галт тэрэгнээс гадна 177,000 км гаруй авто зам, 259 иргэний нисэх онгоцны буудал бий.
Эх сурвалж: thechairmansbao










