Кендал Женнерийг ихэвчлэн загварын тайз, загварын брэндүүдтэй холбон төсөөлдөг. Харин түүний бас нэгэн сонирхол нь автомашин бөгөөд гараашид нь орчин үеийн өндөр үзүүлэлттэй машинуудын зэрэгцээ олон жилийн түүхтэй сонгодог загварууд ч багтдаг.
Түүний автомашины сонголтоос хамгийн их анхаарал татдаг нь 1965 оны Ford Mustang Convertible болон 1957 оны Chevrolet Corvette C1 юм. Ялангуяа 1957 оны Corvette нь түүний сонгодог автомашинд дуртайг харуулах хамгийн тод жишээнүүдийн нэг бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр уг машиныг авахад алдарт автомашин цуглуулагч Jay Leno тусалсан гэж мэдээлдэг.
1957, Ford Mustang Convertible

1957, Chevrolet Corvette C1

Кендал өөрөө ч хуучны автомашинд дуртайгаа нуудаггүй билээ. Тэр 2017 онд автомашины сонирхлоо нэг төрлийн “хачирхалтай донтолт” хэмээн тодорхойлж, өөрт нь үнэхээр таалагдсан машин байвал заавал өөрийн болгохыг хүсдэг тухай ярьж байжээ. Түүний автомашинд дурлах сонирхол бага наснаас нь эхэлсэн бөгөөд dirt bike болон дөрвөн дугуйт унадаг байсан тухайгаа мөн хуваалцсан байдаг.
Түүний гарааш дахь бас нэг онцгой сонголт бол 1997 оны Porsche 911 Carrera 4S буюу 993 үеийн Porsche юм. 993 үеийн 911 нь Porsche-ийн агаарын хөргөлттэй хөдөлгүүр ашигласан 911-ийн сүүлчийн үе гэдгээрээ автомашин сонирхогчдын дунд онцгой байр суурь эзэлдэг. Тиймээс энэ машиныг сонгосон нь Кендал зүгээр л үнэтэй автомашин цуглуулдаг бус, сонгодог загварын онцлогийг үнэлдэг болохыг харуулна.

Гэхдээ Кендалийн сонголт зөвхөн хуучны автомашинаар хязгаарлагддаггүй. Түүний нэртэй холбогддог орчин үеийн загваруудын дунд Ferrari SF90 Stradale, Porsche 992 Turbo S Cabriolet, Lamborghini Urus, Land Rover Defender 90 зэрэг багтдаг. Мөн Ferrari 488 Spider, Mercedes-Benz G500 Cabriolet зэрэг спорт болон задгай дээвэртэй загварууд ч түүний автомашины сонголтод багтаж ирсэн талаар автомашины хэвлэлүүд мэдээлдэг.

Ингээд харахад Кендал Женнерийн автомашины сонголт нэг хэвийн биш. Нэг талд нь 1960-аад оны Mustang, 1950-иад оны Corvette зэрэг Америкийн автомашины түүхийг илэрхийлсэн загварууд байхад нөгөө талд нь Ferrari, Porsche зэрэг орчин үеийн өндөр үзүүлэлттэй машинууд бий.
Тиймээс түүний гараашийг зүгээр л “үнэтэй машинуудын цуглуулга” гэж харахаас илүүтэй, сонгодог загвар, дизайн, автомашины түүх болон жолоодлогын мэдрэмжийг хослуулсан хувийн сонирхлын илэрхийлэл гэж хэлж болохоор байна.
Ялангуяа сонгодог автомашины сонголтууд нь түүний энэ сонирхлыг илүү тод харуулдаг бөгөөд Кендалийн хувьд шинэ гарсан хамгийн үнэтэй машиныг авах нь цорын ганц зорилго биш бололтой.й










