АНУ-д суралцах хүсэлтэй сурагч, оюутнуудын хувьд их сургуулийн сонголт, элсэлтийн шаардлага, тэтгэлэг, санхүүгийн боломж зэрэг олон мэдээллийг зөв, найдвартай эх сурвалжаас авах нь чухал байдаг билээ. АНУ-ын Төрийн департаментын албан ёсны сүлжээ болох EducationUSA нь дэлхийн 175 гаруй оронд залууст Америкт суралцах талаар мэдээ мэдээлэл, зөвлөгөө хүргэдэг. Тус төв нь АНУ-д суралцах хүсэлтэй сурагч, оюутан, залууст их сургууль сонголт, элсэлт, тэтгэлэг зэрэгтэй холбоотой мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжийг олгодог.
Монгол дахь EducationUSA төв нь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж, АНУ-д суралцах хүсэлтэй залуусд үнэ төлбөргүй мэдээлэл, зөвлөгөө өгөн ажилладаг. Түүнчлэн АНУ-ын их, дээд сургуулиудын төлөөлөгчдийг Монголд урьж, залуусыг сургуулийн төлөөлөгчдөөс шууд, мэдээ мэдээлэл авах олон боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан АНУ-д суралцахаар төлөвлөж буй залуус юунд анхаарах шаардлагатай болон энэ удаагийн арга хэмжээний талаар EducationUSA Mongolia-ийн зөвлөх Анужинтай ярилцлаа.
-Сайн байна уу? Та Education USA Mongolia талаар мэдээлэл өгч болох уу?
-Намайг Анужин гэдэг. Би Education USA Mongolia-д зөвлөхөөр ажилладаг. EducationUSA нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилт, дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. АНУ-ын боловсролын талаарх албан ёсны мэдээлэл, зөвлөгөөг хүргэдэг дэлхийн сүлжээ юм. Өдгөө дэлхийн 175 гаруй оронд 400 гаруй төвөөр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
EducationUSA Mongolia-ийн хувьд АНУ-д суралцах хүсэлтэй сурагч, оюутнуудад их, дээд сургууль сонгох, элсэлтийн үйл явц, тэтгэлэг болон санхүүгийн боломж зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг хүргэж ажилладаг.
-Энэ удаагийн “Mini College Fair” арга хэмжээ юугаараа онцлог болж байна вэ?
-Энэ арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаа АНУ-ын есөн их сургуулийн элсэлтийн албаны захирлууд Монголд хүрэлцэн ирж, сурагч, оюутнуудтай биечлэн уулзаж, тухайн сургуулийнхаа талаар мэдээлэл өгч байна.
Арга хэмжээ нь нийтэд нээлттэй бөгөөд оролцогчид үнэ төлбөргүйгээр мэдээлэл авах боломжтой. Ялангуяа тухайн сургуулийн элсэлтийн албаны төлөөлөгчтэй биечлэн уулзаж, шууд асуулт асууж, албан ёсны, шинэчлэгдсэн мэдээлэл авах нь маш том давуу тал юм.
Мөн АНУ-ын Элчин сайдын яам болон FLEX буюу Future Leaders Exchange хөтөлбөрийн төлөөлөгчид оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, боломжийн талаар мэдээлэл хүргэж байна.
Өчигдөр буюу 9-р сарын 3-нд “Counselor Social Event” буюу АНУ-ын Элчин сайдын яам, Монголын ахлах сургуулийн багш, зөвлөхүүд болон АНУ-ын их сургуулиудын элсэлтийн албаны захирлууд оролцсон networking арга хэмжээ зохион байгуулсан. Ингэснээр талууд биечлэн уулзаж, мэдээлэл, туршлагаа солилцох боломж бүрдсэн.

Мөн энэ жил анх удаа Монголд “Graduate Workshop“ зохион байгуулагдаж байгаа нь онцлог. АНУ-д магистр болон докторын түвшинд суралцах хүсэлтэй хүмүүст зориулсан энэхүү workshop-д АНУ-ын гурван их сургууль оролцож байна. Мөн АНУ-ын Элчин сайдын яамнаас Fulbright тэтгэлэг болон магистр, докторын түвшинд суралцах боломжуудын талаар мэдээлэл өгч байгаа.
Ерөнхийдөө АНУ-аас их сургуулиудын элсэлтийн албаны төлөөлөгчид өөрсдөө Монголд хүрэлцэн ирж, сурагч, оюутнуудтай уулзаж байгаа нь хамгийн том давуу тал гэж бодож байна. Тухайн сургуулийнхаа элсэлтийн албаны хүнээс шууд, албан ёсны, шинэчлэгдсэн мэдээллийг авах боломж тэр бүр олддоггүй шүү дээ.
-Ахлах ангийн сурагчид энэ арга хэмжээнээс ямар мэдээлэлд түлхүү анхаараасай гэж зөвлөх вэ?
-Юуны өмнө өөрт тохирох сургуулиа хэрхэн сонгох, тухайн сургуулийн элсэлтийн шаардлага юу вэ, олон улсын оюутнуудад хэр ээлтэй вэ, ямар тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг вэ гэдгийг сайтар судлах хэрэгтэй.
Мөн тухайн сургууль яг ямар оюутныг сонгон шалгаруулж авдаг вэ, personal statement болон supplement essay дээр юуг анхаардаг вэ гэх мэт асуултыг элсэлтийн албаны төлөөлөгчдөөс шууд асуухыг зөвлөж байна.
Хүүхдүүд зөвхөн сургалтын төлбөр эсвэл сургуулийн нэр хүндийг хараад сонголт хийхээс илүү тухайн сургуулийн байршил, аюулгүй байдал, сургалтын орчин, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, төгсөөд тухайн мэргэжлээрээ ажиллах боломж зэрэг олон хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй.
Мөн АНУ-д суралцах хугацаандаа мэргэжлийн чиглэлээрээ дадлага хийх боломж, төгссөний дараах OPT буюу Optional Practical Training зэрэг боломжуудын талаар мэдээлэл авах нь чухал. Нэг л удаа их сургуулиа сонгож, тэндээ хэдэн жил амьдрах учраас өөрт тохирох сургуулийн талаар аль болох дэлгэрэнгүй, зөв мэдээлэл цуглуулах хэрэгтэй.

-Application process-ийн үеэр personal statement болон supplement essay дээр сурагчид юунд анхаарах хэрэгтэй вэ?
-АНУ-ын зарим их сургууль, жишээ нь University of Chicago, Stanford зэрэг сургуулиуд үндсэн personal statement-ээс гадна supplement essay бичүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс бүх эсээ хоорондоо уялдаа холбоотой байх нь маш чухал.
Эсээнүүдийн аль нэгийг нь хаанаас нь ч уншсан тухайн хүүхдийн хэн болох, ямар хүн бэ гэдэг нь тодорхой харагддаг байх хэрэгтэй. Мөн “Яагаад АНУ-д суралцахыг хүсэж байгаа вэ?”, “Яагаад бусад сургуулиас энэ сургуулийг сонгож байгаа вэ?” гэдгээ маш тодорхой харуулах хэрэгтэй. Үүний тулд тухайн сургуулийнхаа хөтөлбөр, хичээл, багш, судалгааны чиглэлийг маш сайн судлах шаардлагатай.
Жишээ нь таны суралцахыг хүсэж буй чиглэлээр тухайн сургуулийн нэг профессор судалгаа хийдэг, ном эсвэл эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байж болно. Тэгвэл тэр хүнээс ямар зүйл сурахыг хүсэж байгаа, тухайн хөтөлбөр яагаад таны зорилготой нийцэж байгаа зэргийг тодорхой бичиж болно.
Монгол хүүхдүүдийн эсээ заримдаа хэт уянгын өнгө аяс давамгайлах тохиолдол байдаг. Гэхдээ олон хүүхэд ижил төрлийн зүйл бичдэг учраас бусдаас ялгарахын тулд хамгийн чухал нь тухайн эсээний асуултад маш сайн, тодорхой хариулсан байх хэрэгтэй.

-Танд өөр хэлэх зүйл хэлэх зүйл байна уу?
-“EducationUSA Mongolia”-ийн хувьд бид зөвхөн Улаанбаатар хотод бус, Монголын 21 аймагт Америкийн боловсролын талаарх мэдээллийг хүргэж ажилладаг. Мөн Монголын ахлах сургуулиудаар очиж биечлэн мэдээлэл, зөвлөгөө өгдөг бөгөөд боломжгүй тохиолдолд Zoom-ээр семинар зохион байгуулдаг.
Тиймээс “EducationUSA Mongolia”-ийн мэдээллийн сувгуудыг дагаж, АНУ-д суралцахтай холбоотой албан ёсны, найдвартай мэдээллийг тогтмол аваарай. Мөн бид АНУ-ын их, дээд сургуулиудын төлөөлөгчдийг Монголд урьж авчирдаг учраас тухайн сургуулийн төлөөлөгчөөс шууд мэдээлэл авах боломжтой.
Үүнээс гадна Competitive College Club хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрөөр АНУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй сурагчдад эсээ хэрхэн бичих, ярилцлагад хэрхэн бэлдэх, CV-гээ хэрхэн боловсруулах зэрэг application process-тэй холбоотой сургалт, зөвлөгөө өгдөг. Жил бүр 20 орчим сурагчийг сонгон шалгаруулж авдаг.
Мөн 12-р ангиа төгсөөд АНУ-д суралцахаасаа өмнө gap year буюу завсар жил авах хүсэлтэй хүүхдүүдэд зориулсан боломжууд бий. Энэ жилийн өргөдлийн материалыг есдүгээр сарын 20 хүртэл хүлээн авч байгаа. Энэ хөтөлбөр нь үнэ төлбөргүй Пүрэв гараг бүр 15:00–17:00 цагийн хооронд Үндэсний номын сангийн American Corner-т зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг.
Тиймээс АНУ-д суралцах хүсэлтэй байгаа бол боломжоо эртнээс судалж, зөв мэдээлэл авч, материалаа хугацаанд нь бүрдүүлэхийг зөвлөе. Ялангуяа Competitive College Club-ийн хөтөлбөрт хамрагдах сонирхолтой бол есдүгээр сарын 20-ноос өмнө материалаа өгөөрэй.
https://forms.gle/EXQzhVTreK5DVq496
-Ярилцлага өгсөнд баярлалаа.










