
1997 оны 07-р сарын 01-ны шөнө 150 гаруй жилийн турш Их Британий колони улс байсан Хонг Конг нь Хятадын мэдэлд буцан шилжсэн юм. Энэ шилжүүлэг нь Хятад болон Хонг Конг хооронд 2047 он хүртэл үргэлжлэх “нэг улс, хоёр систем” харилцааг тогтоох зорилготой байсан бөгөөд Хонг Конг улс тусгай захиргааны бүс нутаг гэсэн статус дор оршин тогтнох ёстой байв.

Гэсэн ч уг үйл явдлаас хойш Хонг Конгийн иргэд Бээжингийн засгийн газрыг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна хэмээн буруутгах тохиолдол олон гарчээ. Үүний үр дүнд тус улсад 2014 онд “Шүхэр Хөдөлгөөн” гэх нэртэй жагсаалууд болж, хотын даргыг сонгох сонгуулийг илүү ил тод байхыг шаардсан байна.
2016 онд Хонг Конгийн номын худалдаачид гэнэт л алга болсноо хожим Хятадад цагдаагийн хяналтад буйгаа мэдэгдсэн. 2019 онд Хонг Когийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төсөл гарсныг эсэргүүцсэн жагсаалууд ч болж байв.
Эдгээр үйл явдал нь хоёр улсын хоорондох харилцааг төвөгтэй хийгээд хүндхэн болоход нөлөөлсөн гэж хэлж болно.
Хар тамхины нэгдүгээр дайны дараа Хонг Конг арал Их Британийн мэдэлд оров

Хонг Конг нь анх МЭӨ 3-р зууны үед Хятадын Чин гүрний мэдэлд орсон бөгөөд ийнхүү Хятадын нэг хэсэг болоод 2000 гаруй жилийн хугацааг өнгөрүүлсэн байдаг. Гэхдээ 1842-1898 оны хооронд Их Британи орчин үеийн Хонг Конгийн газар нутгийг бүрдүүлэх газруудыг хэсэгчлэн эрх мэдэлдээ оруулж байжээ.
Хонг Конгийн арлыг захирах болсон нь Их Британид Хятадын зах зээлд илүү гүнзгий нэвтрэх боломжийг өгсөн тул тэд Хар тамхины хоёрдугаар дайныг явуулан илүү их ашиг авахыг зорьж байлаа. 1860 онд дайн дууссаны дараа Хятад дахин өөрийн мэдлийн хэсэг газраасаа Их Британид өгсөн байна.
1898 оны 07-р сарын 01-нд Британий эзэнт гүрэн Хятадтай Пекиний хоёрдугаар конвенцийг байгуулснаар өнөөгийн Хонг Конгийг бүрдүүлдэг бүх газар нутаг Британид очсон байдаг. Энэ гэрээгээр New Territories хэмээх нутаг дэвсгэрийг United Kingdom-д түрээслэхээр тохиролцсон юм. Тухайн бүс нь Boundary Street-ээс Shenzhen River хүртэлх газар нутгийг хамарч байсан бөгөөд энэ нь өнөөгийн эх газрын Хятад болон Хонг Конг-ийн хоорондох хилийн үндсэн шугам болсон.

Энэхүү түрээс 99 жилийн хугацаатай байсан тул Хятад улс Британид түрээслүүлсэн бүс нутгаа 1997 оны 7-р сарын 1-нд буцаан авах ёстой гэж үзэж байлаа.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хэсэгхэн хугацаанд Япон Их Британиас Хонг Конгийг авч байв. Дайн дууссаны дараа маш олон Ази, Африкийн улсууд тусгаар тогтнолоо зарлан Япон болон Европын колоничлогч улсуудаас холдон тусгаарласан. Гэсэн ч Британи гэрээний үндэслэлтэйгээр Хонг Конгийг авсан байсан тул Хонг Конг Британийн мэдэлд хэвээр үлдсэн юм.
Гэрээний хугацаа дуусах дөхөж байх үеэр буюу 1982 онд Британи болон Хятадын удирдагчид шилжүүлгийн талаар хэлэлцээр хийхээр уулзсан байна. Учир нь 1898 оны гэрээнд Британийн эзэлсэн нийт газар нутгийн гуравны нэг хэсгийг л буцааж өгөхөөр заасан байсан ба үлдсэн хоёр хэсгийн тухай гэрээнд тусгаж өгөөгүй байжээ.

Гэсэн хэдий ч Их Британийн Ерөнхий сайд Маргерет Тетчер эдгээр хоёр бүс нутаг дангаараа бие даан оршин тогтнож чадахгүй гэж үзсэн хэмээн SOAS China Institute-ийн захирал Стив Кан тайлбарладаг. Учир нь Хонконгийн нисэх буудал болох Shek Kong Airfield нь Boundary Street-ийн хойд талд, өөрөөр хэлбэл Британи улс буцаан өгөх ёстой байсан бүсэд байрлаж байв.
Тиймээс хэдий гэрээнд Хонг Конгийг бүхэлд нь Хятадад шилжүүлнэ гэж заагаагүй ч Британи ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр Хонг Конгийг тэр чигт нь Хятадад буцаасан байдаг.
2047 он хүртэл үргэлжлэх “Нэг улс, Хоёр систем”

1984 онд Британи, Хятад хоёр Хонг Конгийн ирээдүйг хэрхэх тухай төлөвлөгөөг гаргасан гэрээнд гарын үсэг зурцгаав. Уг гэрээнд Хонг Конг нь 1997 оны 07-р сарын 01-нд Хятадын нэг хэсэг болох ч одоогийн байгаа нийгэм, эдийн засгийн систем болон амьдралын хэв маягийг өөрчлөлгүйгээр 50 жил хэвээр нь хадгалах ёстой гэж заажээ.
Үүний утга нь Хонг Конг улсын эдийн засаг 50 жилийн турш капиталист системээ хэвээр хадгалж, ард иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүссэн шашнаа шүтэх болон эс шүтэх, хэвлэн нийтлэх гэх мэт эрхүүдийг эдлэх ёстой гэсэн үг.
Эх сурвалж: History









