
Эквадорын Гуаякиль хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээний эхний өдөр Монголын жүдоч Ж.Энхтөр хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.
Энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-д 59 орны 457 жүдоч оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас хөвгүүдийн 10, охидын есөн тамирчин хүч сорьж байна.
Хөвгүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн А.Даваабаатар, Ж.Энхтөр нар барилдсан.
Монголын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө учраа таарч, барилдаанд Ж.Энхтөр цэвэр ялалт байгуулснаар хүрэл медалийн эзэн болсон байна.
Мөн охидын 44 кг-ын жинд Ц.Амин-Эрдэнэ шагналт тавдугаар байр эзэлжээ.
Тэмцээний эхний өдрийн байдлаар Казахстан нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чанараар тэргүүлж байна.








