Бидний өнөөдрийн зочин бол Хаш-Эрдэнийн Чингүн. Японы "Makuhari Sohgoh" ахлах сургуулийг төгссөн. Чикагогийн "De Paul" их сургуулийн өгөгдлийн шинжлэх ухаан (Data science) мэргэжлийн төгсөх курсийн оюутан.
Бид түүнтэй Америкт оюутан байх тухай, соёлын ялгаа, сургалтын төлбөр зэрэг олон сэдвээр чөлөөтэй ярилцлаа.

-Хэдэн настайдаа Японд ирж байсан бэ? Америк улсыг яагаад сонгох болсон бэ?
-Би зургаан настайдаа анх Японд ирж байсан. Японд ахлах сургуулиа төгссөний дараа Америкийн соёл, дуу, кино зэрэгт дуртай байсан болохоор Америк явъя гэж шийдсэн.
-"De Paul" их сургуульд орсон түүхээсээ яриач?
-Би дунд сургуулийн дүн болон IELTS-ийн 6,5 оноогоор "College of Lake County" коллежид компьютер сайнс мэргэжлээр орж төгссөн.
Коллежид байх хугацаандаа сургуульдаа математик болон япон хэл, компьютерийн туслах багшаар ажиллаж байсан. Мөн сургуулийн олон улсын клубын тэргүүнээр ажиллаж байсан. Энэ ажлууд болон дүн маань "DePaul" сургуульд ороход их нөлөөлсөн. Коллежид байсан дүнгээ энэ их сургуульдаа дүйцүүлээд гуравдугаар курсээсээ шилжин орсон.
-Тэтгэлэгтэй юу. Нууц биш бол төлбөрийн мэдээллээ хэлж өгөөч?
-60 хувийн тэтгэлэгтэй. Америкийн их сургуулиуд GPA харж байгаад тэтгэлэг өгдөг. Тэгээд хамгийн өндөр тэтгэлэг өгсөн учраас энэ сургуулийг сонгосон. Манай сургууль гурван улиралтай. Нэг улирлын төлбөр нь 16 мянган доллар. Хэдэн хичээл сонгохоос бас хамаарна.
-Анх Америкт очиход Японоос юугаараа өөр санагдсан бэ?
-Америкийн их сургуульд сурах явцад бие биетэйгээ групп болоод ярилцах цаг их байдаг. Бие биеийнхээ бодол, өөрөө юу гэж бодож байгаа вэ гэдгээ маш сайн ярилцдаг төрлийн хичээлүүд их санагдсан. Жишээлбэл зарим хичээл зөвхөн бүлгийн хэлэлцүүлгээр явдаг. Даалгавар ч бүлгээр цуг өгдөг.
Багш нар дискордын өрөө нээгээд тэндээ ярилцдаг. Америкт хувийн мэдээллээ хүмүүс өгдөггүй, харин дискорд руу сургуулийнхаа аккаунтаар ордог. Дискорд их хэрэглэнэ. Харин хичээл цуцлагдах гэх мэт албан ёсны мэдээллүүд имэйлээр ирнэ.
-Дата сайнс мэргэжлээр сурахад хамгийн хэцүү хичээл нь юу байна?
-Өмнөх семестрээс "систем инженеринг" гэдэг хичээл авсан юм. Тэр хичээл дээр багш "аппликэйшн хийгээрэй" гэсэн даалгавар өгсөн. Ганцаараа хийхэд цаг зарцуулна, ачаалал ихтэй. Код нь яг зөв байна гэдгийг батлах хэрэгтэй.
-Танай хичээлүүд дээр AI ашиглахыг зөвшөөрдөг үү?
-Одоо AI-г хэрэглэх нь бараг давуу тал болчихсон. Гэхдээ хичээлээ 100 хувь AI-р хийж болохгүй. AI-г хараад шалгаад энэ нь зөв, энэ нь буруу байна гэдгийг ойлгох чадварыг их шалгадаг.
-Танай сургуульд хэр олон үндэстний оюутнууд байна вэ?
-Манай сургуульд гадаад хүмүүс харьцангуй цөөн санагддаг. Ази, Араб, Африк, Өмнөд Америкаас хүмүүс байдаг.
-Монгол хүүхдүүд танай сургуульд байдаг уу?
-30-аад хүн байдаг. Ихэнх нь охид байдаг.
-Багш нарын чинь харилцаа ямархуу санагддаг вэ?
-Ахлах сургуультай харьцуулбал их сургуулийн багш нарыг "багш" гэхээсээ илүү судлаач хүн гэж би ойлгодог. Тийм ч дотно биш гэхдээ халамжтай.
Даалгавраа цагт нь өгч чадахгүй ч гэсэн "ийм юм боллоо" гээд тайлбарлавал ойлгодог. "За тэгвэл хэдэн хүртэл тэр даалгавраа гаргаарай" гээд хүүхдүүдтэй дотно байхыг хичээдэг.

-Сарын амьжиргааны зардал хэр их байдаг вэ? Байрны түрээс?
-Хоол, өдөр тутмын хэрэглээнд сард 500–600 доллар орчим зарцуулдаг. Харин байрны түрээс сард 1000 доллар. Байр маань дотроо хоёр өрөөтэй. Би нэг өрөөнд нь ганцаараа, нөгөө өрөөнд нь нэг хүн амьдардаг.
-Цагийн ажил хэр олддог вэ?
-Оюутнууд хичээлийн үеэр сургууль дотроо 7 хоногт 20 хүртэл цаг ажиллах боломжтой. Америкт гадуур ажиллахыг хориглодог. Үүнийг хэлж болох эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ ерөнхийдөө хүүхдүүд ажилладаг.
-Гадаад хүн гээд өөрөөр харьцах тохиолдол байдаг уу?
-Тийм зүйл бараг байхгүй. Яагаад гэвэл Америкт олон төрлийн хүмүүс байдаг болохоор арьс өнгөөр ялгаварладаг хүмүүст дургүй хүмүүс нь их.
-Өглөө хэдэн цагт босдог вэ?
-Өглөө 9:00 цаг гэж босоод оройны хоолныхоосоо өмнө харьж гэртээ хоолоо хийж иддэг. Түргэн хоол ч идэх үе байдаг л даа. Миний ажигласнаар компьютер сайнс ч юм уу математик, инженеринг чиглэлээр сурдаг хүүхдүүд даваагаас баасан гараг хүртэл хичээл авдаг. Бизнес мэргэжлийн хүүхдүүд ихэнхдээ даваагаас пүрэв гарагийн хооронд суралцдаг гэж бодож байна.
-Амралтын өдрөө яаж өнгөрөөдөг вэ?
-Амралтын өдрөөрөө найзуудтайгаа уулзана, даалгавраа хийнэ, дадлага хайна гэх мэт бусад ажлын өдрүүдэд хийж амжаагүй зүйлсээ хийдэг.
-Нийтийн тээвэр нь хэр вэ?
-Метро дажгүй. Тэгэхдээ шөнөөр би метрогоор явдаггүй, учир нь аюултай санагддаг. Америк ер нь аюултай гэж боддог. Ямар газар нь аюултай, ямар газар нь гайгүй гэдгийг ойлгохгүй төөрчихвөл хэцүү. Чикагогийн хотын төв гайгүй ч зах хэсэгрүү явах хэрэггүй гэж боддог. Баруун тийш явахаар нэг том парк байдаг юм. Тэнд манай монгол найзыг гурван залуу дээрэмдэж бүх юмыг нь авсан гэсэн.
-Найзуудтайгаа орой гардаггүй юу?
-Гарна л даа, гэхдээ болгоомжтой явдаг.
-Хамгийн их цаг зарцуулдаг зүйл чинь юу вэ?
-Мэдээж хичээл, дараагаар нь жимд явах, сагс тоглох.
-Найзтай болоход хэцүү байдаг уу?
-Их сургуульд нэг анги гэж байхгүй болохоор хүмүүстэй дотно болох хэцүү. Хүүхдүүдтэй найзууд болохын тулд ямар нэгэн клуб юм уу байгууллагад орох хэрэгтэй. Манай сургууль хоёр кампустай. Том кампуст нь бизнес гэх мэт мэргэжлүүд байдаг. Тэнд клубууд байдаг. Харин нөгөө буюу манай кампуст компьютер, өгөгдлийг шинжлэх ухаан, математик зэрэг мэргэжлүүд байдаг. Манай кампуст клуб байдаггүй.
-Ганцаардах үе байдаг уу?
-Бие маань муудсан үед их ганцаардсан. Миний хамгийн сайн найз машинаар цаг 20 минутын зайтай газар амьдардаг болохоор өдөр болгон уулзаад байж чаддаггүй. Мөн манай авга эгч машинаар хоёр цаг 30 минутын зайтай амьдардаг. Цагаан сар гэх мэт том баяруудаар уулзана. Анх Америкт яаж байр түрээслэхээ ч мэдэхгүй хүн ирээд эгчийндээ байдаг байсан. Эгч ахтайгаа их гоё байсан.
АМЕРИК БОЛ СОЁЛЫН ЗЭРЭГЛЭЛЭЭР МОНГОЛ ЯПОНЫ ЯГ ДУНД НЬ
БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ

-Соёлын ялгааны талаар ярья. Очоод хамгийн их гайхсан зүйл юу вэ?
-Чикагод нэг супермаркетад жинхэнэ буу зарж байсан. Тусгай зөвшөөрөлтэй, Америкийн иргэн бол авч болно.
Би Монголд мөн Японд амьдарч байсан болохоор ойлголтын зөрүү нэг их гараагүй. Америк бол соёлын зэрэглэлээр Монгол Японы яг дунд нь байгаа юм шиг санагддаг. Япон хүмүүс хэтэрхий соёлтой, нээлттэй биш гэж бодож байна.
-Америк хүмүүсийн ямар зан чанарыг Монголд байгаасай гэж боддог вэ?
-Америкт "Хөөх чиний хувцас ямар гоё юм бэ. Чи өнөөдөр гоё харагдаж байна шүү" гэх зэргээр магтаал их хэлдэг нь таалагдсан.
-Тэгвэл Монголчуудын хийдэг мөртөө Америкт зохимжгүй зүйл байсан уу?
-Монголд би нэг супермаркетын буруу хаалгаар нь орчихсон юм л даа. Тэр супермаркетын худалдагч эгч их маш их уурлаж би шокт орж байсан. Би тэр хүнийг танихгүй, танихгүй хүнд загнуулна гэдэг нь сонин.
Гэхдээ Монголд бол ерөнхийдөө болно шүү дээ. Тийм юм хаа сайгүй л харж болно. Харин Америкт тэгвэл "Өө ямар бүдүүлэг хүн бэ" гэж бодно. Зүгээр л хэлж болно шүү дээ.
-Хамгийн эвгүй байдалд орж байсан, хөгжилтэй зүйлээсээ хуваалцаач?
-Анх сэндвич авах гээд дэлгүүрт орсон "дуртай юмаа сонго" гэхээр нь юу байдгийг нь мэдэхгүй. "Энэ юу вэ" гэж асуухаасаа ичээд тэгээд үүнийг хийх үү гээд заагаад байхаар нь "тэгье тэгье" гээд бүгдийг нь авчихсан.
Гэтэл энгийн л чинжүү гэж бодсон зүйл маань халапеньо байсан. Халапеньо нь Мексикийн алдартай халуун чинжүү. Тэгээд "асуудаг байж дээ" гэж бодсон. Дөнгөж Японоос ирчихсэн, өөртөө итгэлгүй байсан болохоор тэр үед жоохон ичсэн ч гэх үү нэг их тийм сонин мэдрэмж төрсөн.
Америкт ер нь "би ингэмээр байна" гэдэг хандлага илүү байдаг. Японд би өөрөө гэхээсээ илүү "дүрэм байвал тэрийг нь дагаж явъя" гэх бодолтой байх нь олонтаа.
-Япончууд дүрмийг дагадаг гэж үү?
-Америк хүмүүс бол өөрийнхөө хиймээр байгаа юмыг 100 хувь илэрхийлдэг. "Би үүнийг хиймээр байна, тийм болохоор үүнийг хийгээд өг" гэдэг гэх үү дээ. Өөрийнхөө бодлыг шууд, шулуун хэлдэг. Японд бол нөхцөл байдлаа бодоод, нөгөө хүнээ бодоод, тэндээсээ дундын шийдвэр гаргах нь илүү. 50 хувь нь миний хиймээр байгаа юм чинь за за болноо гэдэг.
-Тодруулбал?
-Японд найзтайгаа кино үзэх гэж байлаа гэж бодъё. Би адал явдалтай кино үзмээр байна, манай найз романтик кино үзмээр байна. Тэгвэл аль алиныхаа талд шийдвэр гаргах гээд "тэгвэл инээдмийн кино үзэх үү" гэх зэргээр ярилцдаг. Өөрөө гэхээсээ илүү бусад хүмүүсийг ойлгож юмаа хийцгээе ээ гэдэг. Америкт "Чи яг юу хиймээр байгаа юм" гэж хувь хүний бодлыг маш их хүндэлдэг.
-Америкт очиж үзсэн хамгийн гоё газар юу вэ?
-Би кинонд их дуртай. Кристофер Ноланы "Dark night" киноны зарим хэсгийн зураг авалт нь Чикагод болсон. Гуравдугаар ангийн Жокер Бэтмен хоёрын тулалддаг хэсэг байдаг. Тэр нь Чикаго Тауэрын урд талын гудамжинд нь авсан. Тэр гудамжаар анх явах үед их гоё байсан.
-Хамгийн амттай хоол нь юу байсан бэ?
-Би Япон хоолонд их дуртай. Гэхдээ Америк хоол бүгдээрээ дажгүй амттай л даа. Би энд ирээд Мексик хоолонд их дуртай болсон. Мексик хоол гоё бас хямдхан.
-Гэрээ хэзээ хамгийн их санадаг вэ?
-Олон улсын оюутан хүүхдүүд зун болохоор ихэнх нь өөрийнхөө улс руу харьчихдаг. Найзууд харьж эхлэхээр би ч гэсэн харих юмсан гэж бодоод эхэлдэг.
-Шантрах үе байсан уу?
-Ер нь зөндөө гардаг л даа. Бүх юм угаасаа 100 хувь бүтнэ гэж байгаагүй болохоор. Тэгэхдээ ер нь шантарсан ч яваад л байдаг.
-Амьдралд тохиолдсон зүйлээс болж дарамтад орох уу эсвэл өөрийнхөө сэтгэл зүйд тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн бодлоосоо болоод илүү их дарамтад ордог уу?
-Ихэнхдээ бодлоосоо.
ГАДААД ЯВСНААР ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛЖ МАГАДГҮЙ,
ӨӨРИЙНХӨӨ УЛСДАА ИЛҮҮ ДУРТАЙ БОЛЖ Ч МАГАДГҮЙ

-Америк явах гэж байгаа хүүхэд өнөөдрөөс юуг эхлэх хэрэгтэй вэ?
-Монгол хүүхдүүд Англи хэлэнд их сайн. Тийм болохоор Америк явна гэвэл ямар сургуульд сурах вэ, ямар хичээл сонгох гэх мэт төлөвлөгөөгөө сайн бодох хэрэгтэй. Их сургуульд ороод мэргэжлээ сольж болдог ч солиход хэцүү, мөнгө шаардагдана.
-Англи хэлний ямархуу түвшинд байвал зүгээр гэж бодож байна?
-Ер нь сонсоод ойлгодог түвшин байхад дажгүй. Өдөр тутмын англи хэлний яриаг л ойлгодог бол ер нь дажгүй гэж бодож байна.
-Дахиад эхнээс нь эхлэх боломж гарвал дахиад Америк руу явах уу?
-Япондоо их сургуульд сурсан ч гоё л байх гэж боддог. Гадаад орон сонгох бол Америк руу л явна.
-Хамгийн хэцүү болон давуу тал юу вэ?
-Ажил олох хэцүү. Доналд Трамп ерөнхийлөгч болоод гадаад хүүхдүүдийг ажилд авах компаниуд ер нь цөөхөн болж байгаа гэж бодож байна. Дадлага олох нь ч хэцүү болж байна.
Харин Америк явсны давуу тал нь англи хэлэндээ сайн болно. Янз бүрийн улсын, төрөл бүрийн үзэл бодолтой хүмүүстэй уулзаж бүх ертөнц өөрчлөгдөнө. Жишээлбэл чиний найз чинь өөр шашин шүтлэгтэй ч байж магадгүй. Бодол нь тэс өөр.
Монгол Улс ямар жижигхэн юм бэ, өөрийгөө ямар жижигхэн коммунити-д байсан бэ гэдгээ мэдрэх байх. Тэгсэн ч өөртөө итгэлтэй болж магадгүй, өөрийнхөө улсдаа илүү дуртай болж ч магадгүй.
Тийм болохоор үзэл бодлоо өөрчилнө гэдэг утгаараа гадаад руу явах нь хамгийн давуу тал гэж бодож байна.








